Monday, September 25, 2017

Миний Петер

Жаахан охин байхдаа би хүүхэлдэйн кино гэхээр л ухаанаа алддаг байлаа. Гадаа тоглож байхад минь ээж хоолоо ид, гэртээ ор гэхэд огтоосоо үгэнд нь ордоггүй ч хүүхэлдэйн кино гарч байна гэвэл уухаан тас гүйгээд л ордог байв.
Нэг удаа бас л хүүхэлдэйн кино гарч  байна гэсэн шалтгаанаар хамт тоглож байсан хүүхдүүдээ орхин гэртээ орлоо. Шороо тоостой хир буртаг болсон хувцасаа тайлахаасаа урьтан том хар зурагтныхаа урд завьлан сууна.
Би ихэвчлэн хөвгүүдтэй нийлж их тоглодог. Юм л болвол унаж бэртэн өвдөгөө шалбалж, шархтсан партизан шиг л цагаан боолтоор хөл гараа боож явдаг байсан юм. Тэр өдөр ч бас ээлжит тоглоом гэх дайнаасаа авсан шарх минь хөлөө  завилаж суух үед өвдөж байсан  ч ухаан санаа минь өвдөлтөндөө бус дэлгэцний цаана гарах  ногоон хувцастай, шаргал үстэй, гэрэлтэж, гялтагнасан цоглог нүдэй хүүд тогтож байлаа.
Цоглог, хөгжилтэй, эрэмгий дайчин басчхүү царайлаг хүүг хараад татагдсан минь үнэн ч  хамгийн түрүүнд ухаан санаанд минь буусан зүйл бол Неврлэндэнд очих байсан. Хэзээ ч том болдоггүй, үргэлж тоглож хөгжилдөж байдаг тэр газар яг л диваажин шиг. Бас тэнд миний хамгийн эрхэм  хэзээ ч биелэхгүй мөрөөдөл минь биелэлээ олж би үүлэн дунд нисэж чадна.  
Өвлийн өвгөнд итгэдэггүй байсан хэрнээ тэр үед ганц удаа үзээд л  Петер Пэнд итгэсэн минь хачин юм шүү.  Шөнө бүр цонхоо онгорхой орхиж оддыг харан хэвтэхдээ хамгийн тод харагдсан одыг Неврлэнд гэж боддогсон.  Нэг л шөнө Петер ирээд хэзээ ч том болдоггүй тэр нэгэн мөрөөдлийн аралруугаа авч явна гэж боддогсон. Гэхдээ тэр ирээгүй.

Цаг хугацаа өнгөрч бяцхан охин аль хэдийнээ томчуудын гэх амьдралд ууссан ч хүүхэд цагын хүсэл үе үе минь төрж уйтгарт амьдралаас салан тусгаарлаж өөр нэгэн ертөнцрүү явахыг хүснэ.Bn 

Sunday, September 24, 2017

Гэрлэн дохио

Ажилаа тараад гэрийн зүг алхах үед дайрч өнгөрдөг гудамжинд минь байх гэрлэн дохио үргэлж л улаан гэрлээр анивчиж байдаг юм. Өнөөдөр орой ч бас дасал болсон замын гарцан дээрээ ирэх үед улаан гэрэл ассан байлаа.
Машинууд дохиогоо хангинуулан ар араасаа бие биестэйгээ уралдах мэт давхилдан өнгөрнө. Засмал зам хүнд машин явж өнгөрөх бүрт бага багаар элэгдэнэ.
Заримдаа энэ машин зам,  гэрлэн дохио яг л надтай адилхан санагдах юм. Хаашаа нь үл мэдэгдэх жирэлзэн өнгөрөх машин бүр бодол санааг минь илтгэх шиг. Хаа хүрэх нь үл мэдэгдэх машинууд, хүнд даацын ачааны  тэрэг, суудлын жижиг машин, мотоцикл,унадаг дугуйнууд төрөл бүрийн тээврийн хэрэгсэлүүд бодол санаа гэгчийг тээвэрлэн оюун ухаанд минь давхилдана.
Бүгд л өөр өөрсдийн утга санаа, зорилго чиглэлийг илтгэх ч гэлээ заримдаа хэн нь түрүүлэхээ үзэж буй авто ралли шиг хурд мэдэн хоорондоо уралдах юм.
Машин замыг зохицуулж чадах цорын ганц гэрэлэн дохио минь гацаад эвдэрчихсэн аятай улаанаас өөр өнгө тодруулахгүй байгаа нь хачирхалтай юм шүү.

Гэртээ харихын тулд хүлээн зогсох  замын дэргэдэх улаан гэрлэн дохио  хором мөч өнгөрөхөд төд удалгүй ногооноор солигдох бол ухаан бодолд минь байх гэрлэн дохио хэзээ ногоон гэрэлээр солигдож түр ч атгутай тайвширах юм бол? 


Tuesday, June 20, 2017

Бороо ба үнсэлт

Шөнийн тэнгэрээс оддыг олж харахын тулд удаан гэгч нь ширтсэн хэдий ч бараантах үүлсээс болж ганц ч од харж чадсангүй. Томоос том шилэн цонхны цаана цаг оройтсон ч гэлээ аяга халуун кофе амтархан ууж суухдаа тэр нэгэн өдрийг эргэн санасан юм. Эмэгтэй хүний амьдрал яг л далай шиг гүн гүнзгий олон нууцыг өөртөө агуулдаг.  Харин тэр нууцуудыг нэгээхэн хэсэг нь бүүдгэр тэнгэрийн хүйтэн борооноор зуршил юм шиг эргэн санагддаг юм.
Тэр өдөр ч бас яг ийм ганц ч одгүй борооны үүл бараантсан шөнө байж билээ.  Танидаг болоод тийм ч удаагүй дээд ангийн ахаар гэртээ хүргүүлэн алхаж байхдаа түүнээс бишүүрхэн ичэнгүйрнэ үү  гэхээс эр хүний нүдээр харж татагдаж байсан удаагүй юм. Үргэлж алхдаг замаараа түүний араас даган алхаж байтал  орцны минь үүдэнд дөхөж ирээд яг урд минь хэл үггүй зогсож орхилоо. Хүргэж өгсөнд нь талархаж бага  зэрэг инээмсэглэн аядаад хажуугаар нь зөрөн алхах үед миний жижигхэн  гарыг  ахин нэг нийлүүлсэнтэй тэнцэхээр том гараараа бугуйнаас минь татаад ханхар өргөн цээжиндээ нааж уруулан дээр минь өөрийгөө үлдээсэн юм.  Түүний гэнэтийн үнсэлт зөөлөн шиврэх бороотой хоршин бүхий л биеээр минь  тархаж билээ. Анхны бас сүүлчийн үнсэлт биш, догдлол сандрал аль алнийг нь дагуулаагүй хэдий ч бороо орох бүрт дээд ангийн ахдаа үнсүүлсэн тэр нэгэн гэнэтийн үнсэлтийг эргэн санадаг юм.
Тэр үнсэлтийг илэрхийлэх цорын ганц зөв бөгөөд үнэн үг нь бороо. Зөөлөн долгион хэдий ч бүхэл биеийг өөртөө уусгаж  хүйтэнээс дулаанруу шилжих цочирдом бас амтлаг .
Бороотой үлсэн дурсамж сэтгэлд хадагдаж
Бороотой үлдсэн мэдрэмж зүрхэнд үлддэг.


Хэдийгээр энгийн л нэг үнсэлт, жирийн л нэг дохиол мэт боловч ердөө  зөөлөн шивэрсэн борооноос болоод сэтгэлд минь тодоос тод үлдсэн юм болов уу даа. Эмэгтэй хүн өнгөрсөн үеээ эргэн санахдаа хажууд нь байх нөхрөөсөө өөр хэн нэгнийг дурсаж чадахгүй байна гэдэг дэндүү өрөвдөлтэй хэрэг гэж хаа нэгтэйгээс уншиж байсан мөртүүд толгойд зэрвэсхэн бодогдох агшинд миний эргэн санах хүн   бороотойд  үнсэлтээ үлдээсэн залуу байна гэж санаж байсангүй .  

Tuesday, May 2, 2017

ХАЙР

Хамгийн төвөгтэй бас ойлгомжгүй зүйл. Гоё сайхан бас муу муухайгын төгс хослол.  Жаргал баяр баясал бас уйтгар гуниг шанлалыг зэрэг мэдрүүлэгч.

Хүмүүс салсаныхаа дараа би түүнд одоо ч хайртай эсвэл би анхнаасаа хайргүй байсан гэх 2 хариултыг голчлон хэлдэг. Үнэндээ хайр гэж юу юм бэ ?
Хүсэх шунаж дурлах уу ? Гэтэл дурлал гэх үгийн язгуур нь дур. Харин дур бол бэлхүүснээс доош утга санааг илэрхийлэхэд илүү тохирох томёолол гэлтэй. Харин хайр бол ухаан бас мдэрэмж.

Тачаал таашаалд бус сэтгэлийн гоо сайхан мэдрэмжийн оргил.

Нэг удаа уншиж байсан номонд минь ингэж дурьдсан байсан. “ Хэн нэгэн өөр нэгэнд хайртай болох үед тэдний зүрх сэтгэл хоорондоо улаан утасаар холбогддог” гэж.  

Хүмүүс хүний мөн чанар сэтгэлийн гүнд бус өнгөнд татагдаж дурлахаа хайртай андуурдаг.  Хайрын мөн чанарт бус үг үйлдэл, илэрхийлэл хэлбэрт  татагддаг.  Хачин сайхан залуу, халтар эмэгтэйтэй хөтлөлцөн алхаж хайрын харцаар ширтэх төрхийг хараад шүүн тунгааж  шүүмжлэх нэгэн хэтэрхий олон болсон. Үнэндээ хэнч тэдний өмнөөс мэдрэхгүй шүү дээ. Хэн ч тэр залуу шиг тэр эмэгтэйг нандигнан мэдэрч чадахгүй. Хэн ч тэдний хоорондын зүрх сэтгэлээрээ холбогдсон холбоог харж чадахгүй. Хайр бол хэн нэгэн өөрөөсөө тэс ондоо илэрхийлэл бүхий хэн нэгнийхээ мөн чанарт татагдах таталцал.

Хайрын илэрхийлэл хэтэрхий олон янз гоё ганган үгс, чамин тансаг бэлэг, халуун дулаан инээмсэглэл бүхэн хайртай гэсний баталгаа биш. Хэрвээ тэгж ойлговол хэтэрхий өрөөсгөл ойлголт болно. Хатуу үгээр зэмлэн шийтгэх үедээ ч эцэг эх минь биднийг хайрласаар л байдаг.  Тэр ч байтугай хүн хамгийн хайртай нэгэндээ хамгийн хатуу үгсийг хэлдэг.  Зөөлөн дулаан бас цэвдэг хүйтэн. Хайр бол эсрэгцэл.
Ихэнх хүмүүс хайрлахын эсрэг нь үзэн ядалт гэж ярьдаг. Гэвч үнэндээ хайрын эсрэг нь “орхих “ юм. Үзэн ядаж байна гэсэн үедээ ч хүн тунирхалаа тайлж чадалгүй хайрласаар л байдаг шаналал гунигаараа хайраа халхлах гэж хичээдэг төдий. Харин орхих бол хамгийн дээд айдасын биелэл. Хэн нэгний хувьд хэн ч биш болох оргүй хоосонруу уусан орхигдох л хамгийн аймшигтай. Хэн ч хэзээ ч хэн нэгнийг битгий орхиосой.  Хэн ч хэзээ ч хэн нэгнийг хайрлахаа битгий зогсоорой.

Хайр бол таталцал, эсрэгцэл, үзэсгэлэнтэй зовлон өөртөө донтуулагч.  


Friday, April 14, 2017

Хэн нэгэнд үнэн хайртай байх гэдэг...
Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг
Хэтэрхий гунигтай
Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг 
Түгшүүртэй,
Нэг л түгшүүртэй
Хайр гэдэг бол жаргалтай айдас юм
Хайрлана гэдэг бол
Хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм
Тэгээд тэмтчин тэмтчих атлаа
Тэмүүллээсээ зүүгдэн зүүгдэн урагш алхахуй юм
Зүүдээ өөрөө зохион байж үзээд
түүндээ үхтлээ итгэхийн нэр юм
Зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л
Цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм
Хэн нэгнийг хайрлана гэдэг
Хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юм
Хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч
Хэзээ ч цуцалгүй дээш авирах зориг юм
Энэ бол дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа
амьдралын, цор ганц, хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм
Энэ бол
Нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй
асар харанхуй гүн хонгил доторх,
хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах
аяар аяархан зовлонт инээд юм.

Гэрэлтэй цонх

Үдшийн бүрий ноёлож өдөр шөнөөр солигдоход
Үүрэглэх нойроо үл тоож
Үүдэн хоймортоо хараа бэлчээн
Үзэмж гоо бүсгүй сууна
Өнгөрсөн бүхэн нүдний өмнө сүүмэгнэн үзэгдэхэд
Өр зүрхний амрагаа харуулдан хүлээнэ
Хань болох зүйл юу ч үгүй
Харанхуй өрөөг гэрлээр дүүрэгсэн ч
Хагдарсан цэцэг шиг сэтгэлээ
Харин яаж гэрэлтүүлэх вэ ?
Гэрэлтэй цонх харанхуй орц
Гэгээ татаагүй бүсгүйн сэтгэл
Хаачсан нь үл мэдэгдэх
Хархүү түүнийгээ хүлээнэ.
Харин залуу энэ шөнө
Хань гэргийдээ бус
Энгэсэг ханхалуулсан сул энгэрлүү
Харц унаган хөлчүүрхэнэ.
Гэрэлтэй цонх харанхуй гудамжинд сүүмийнэ
Гэмгүй нэгний сэтгэл
Гэтэлж барамгүй зовлонгоо үл тоож
Гэргийн бахархалаа нандигнан тээнэ. 


Wednesday, April 5, 2017

Үзэсгэлэнтэй залуу

Өглөө болгон алхадаг танил болсон замаараа чихэнд минь хоногшиж үлдсэн дуугаа сонсоод урьдын адил алхалаа. Гэрээсээ гараад автобусны буудал явдаг яг энэ замаар би 5 жилийн турш өглөө болгон 7 цаг 20 минутанд зөрөн өнгөрөх хүмүүсийг үл анзааран алхалдаг. Нар тусаж амжаагүй жавартай өвлийн өглөө хань бараа үгүй чихэвчээ зүүж алхахдаа ч айдас гэдэг зүйлийг огтоосоо мэдэрдэггүй минь аль хэдийнээ энэ замаар явсаар дасал болсоныг минь илтгэнэ.Харин энэ өглөө бүх зүйлс өмнөхөөсөө огт өөр байлаа. Үргэлж алхадаг замаараа алхалж үргэлж суудаг автобусандаа суусан хэдий ч харах нүд минь өөрийн эрхгүй хаа нэгтэйгээс нүдэнд минь тусах өндөр нуруутай эрхэм дээр тогтолоо. Автобусны 10 минутын дурлал өсвөр наснаас минь эхлээд үе үе тохиолддог байсансан. Урдаас нь биш ардаас нь харсан нэгний өргөн биш ч өөртөө таарсан нуруу, үл ялиг тоос татсан пальто, хар үс, өндөр нуруу хаана ч  билээ үнэртсэн санагдах танил хэрнээ нэр оноож чадахгүй үнэр. Хоёрхон алхамын өмнө зогсох тэр хүн анхаарлыг минь юунд ингэж татна вэ ? Магадгүй бүх л хүн автобусны урд талруу харж зогсоход тэр л ганцаараа автобусны ард талруу харж зогссонд юм бол уу ?  эрчээрээ урагшаа явах автобусанд хүн бүхэн тэнцвэрээ олж ядан чадах ядахаараа хичээн явхад ганцаараа арагш харан явах тэрэнд хэцүү байдаггүй юм байхдаа. Бодол болон зогсож байтал автобус ээлжит буудал дээрээ зогсож ихэнх хүмүүс буухтай зэрэгцэн хүнгүй үлдсэн хоосон сандалруу том том алхалаад нөгөө хүн чинь суучихлаа. Ардаасаа тааварлашгүй харагдах түүний царай энэ мөчид нүдэнд минь тусна. Үнэндээ бусдаас онцгойрох юм байсангүй ээ. Бага зэрэг өндөр хамар, заагалтаж халтардсан нүдний шил, бага зэрэг барзгар нүүр, хүнхэр нүд жижигхэн давхараа бусдын л адил жирийн залуу. Гэтэл тэр суусан даруйдаа үүрч явсан цүнхээ ухлаа. Жаахан замбараагүй цүнхээ ухан байж зузаан хавтастай ном гаргаж ирээд  уншиж эхэллээ. Энэ л мөчид би энэ хүнийг яагаад бусдаас илүүтэй анзааран харсанаа ойлгох шиг. Нэрийг ч мэдэхгүй зүсийг нь хальтхан харсан тэр эрхэм гартаа барьсан зузаан хавтастай номоо нээх мөчидөө хорвоо ертөнцийн хамгийн эрхэм нандин зүйлийг өөрөөсөө хүртэл харамлах мэтээр зөөлөн басхүү энхрийгээр эргүүлнэ. Хуудас бүрийг нь эргүүлээд, уншиж байсан хэсэг нь бололтой улаан хавчуурга цухайсан хэсгийг уншиж эхэллээ.Тэр залуу автобусанд бус атганд байх номондоо энэ мөчид яг нүдний минь өмнө уусан орохнуу гэлтэй. Хорвоо ертөнцөөс хальж гараад хаашаа ч хамаагүй миний мэдэхгүй ертөнцрүү уусан орох шиг. Харц нь хуудас бүхэн дээр хараар дурайсан үг нэг бүрийг анхааралтай уншиж, өөрий өөртөө давтан амандаа зөөлөн шивнэнэ. Урт нарийхан хуруу нь мөр бүхэн дээр зөөлөн гүйж, ухаан бодол нь номон дотороо тэнүүчилнэ. Харцаа салгаж үл ядан хаа яваагаа ч  анзааралгүй гоо үзэмжийг булаасан номонд дуралсан залууг харахдаа болдлогсон бол би өөрөө тэр номны оронд байхсан гэж хүсэх шиг. Тэр агшиныг илэрхийлэх ганцхан үг. Үзэсгэлэнтэй. Номонд тэр тусамаа ном уншиж байгаа эр хүнд хамгийн ихээр зохицохгүй үг мэт боловч тэрхэн агшинд миний толгойд хамгийн түрүүнд буусан ганц л үг. Харц ухаан бодлоо жижигхэн хэдий ч бүхий л ертөнцийг өгүүлсэн гагцхүү дурлаж чадсан нэгэнд л өөрийгөө нээдэг нууцлаг хэрнээ сэтгэл татам номын ертөнцөд ууссан тэр залуу хорвоогын хамгийн үзэсгэлэнтэй оршихуй байлаа.

Monday, April 3, 2017

Үстэй малгайн дороос
Үстэй алчууран дотроос
Уруул нүд харагддаггүй болохоор
Өвөл чамд гунигтай санагддаг уу ?
Өвөл надад гунигтай санагддаг.

Цасанд даруулж бөхийсөн хүмүүс
Цантсан, бүрхүүлт,бүүдийсэн хүмүүс
Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх
Царайлаг ч байж мэдэх хүмүүс

Өө өвөл чамд гунигтай санагддаг уу ?
Өвөл надад гунигтай санагддаг

Хүйтнээс нуугдсан дулаахан үг
Хүмүүсээс ичсэн нүцгэн модод
Хаана байна, тэр улаан ногоон?
Хаа сайгүй л цагаан...цагаан.

Өвөл чамд гунигтай санагддаг уу ?
Өвөл надад гунигтай санагддаг.
1999 он.Л.Өлзийтөгс

Өөрийг тань би үзэн ядаж чаддаг
Өөр хэнийг ч биш, ганцхан таныг зүүдэлж хонодог
Өргөстэй цэцгийг надад та л бэлэглэж зүрхэлсэн
Өвдөхдөө би харин дахиж хатгуулахыг хүссэн 


Зам дээр чинь зогсоход инээмсэглэлтэйгээ хөшихөд
Задгай гал шиг сэтгэл минь ассан даруйд унтархад
Завсрын нэгэнд тоолж далласаар та холдоход
Зангирсан дусал нулимсанд бүдрээд нэг босоход
Тэвэрт минь та хэзээ ч багтаагүй юм шиг
Тэнэгхэн үгэнд чинь би хууртаагүй юм шиг
Хүзүүний минь үнэрийг та мэдээгүй юм шиг
Хүсэл, тачаал биднийг тойрсон юм шиг
Халааснаасаа би цаас хаях мэт
Харцнаасаа ганц таныг хасахад
Өврөөсөө би мөнгө гээх мэт
Өрцөөсөө гагц таныг хасахад
Цэлмэг атлаа хоосорсон сэтгэл рүү минь
Цэцэг ганц нэгийг шидэцгээхэд 


Өөрийг минь та л үзэн яддаг байж гэж
Өнөөх л хайртай сэтгэлдээ шивннэм.

Sunday, April 2, 2017

Зүүдэн дэх үхэл

Хамгийн аймшигтай мөч, харанхуйд уусан шингэхээ харахтай адил байсан.  Чив чимээгүй бас манантан дунайртсан өрөөний голд өөрөөсөө өөр ханьгүй зогсоно. Хаашаа л харна танил биш орчин зэвхий даасан хүйтэн мэдрэмж төрнө. Хөдлөх гэж оролдох бүрт минь хаа нэгтэйгээс нүдэнд үл үзэгдэх зүйлээр хүлж орхиж, гар, хөл, бие минь тэр чигтээ ямар ч хөдөлгөх боломж алга . Тусламж эрэн хоолойныхоо хэрээр орилохыг хүссэн ч  хоолой минь үл гарна. Хий дэмий тэндээ нулимс дуслуулан зогсоно
Гэв гэнэт хаа  нэгтэйгээс хайртай ээжийн минь уйлах дуу сонсогдлоо. Хэзээ ч ийм гачлант хоолойг сонсож байсангүй. Цурихаран уйлж зүрхнийхээ гүнээс ганцхан миний нэрийг дуудна.
Яагаад уйлаад байгаа юм бэ? Ээжээ охин нь энд байна ш дээ битгий уйлаач дээ.
Хоолой минь үл гарах болохоор зөвхөн өөрий өөртөө л дотроо чангаас чанга хашгирна. Ээжийн минь нүднээс урсах нулимс тэнгэрээс буух хур бороо адил хацар дээр минь буухад цочсондоо бас айсандаа болоод гацаж орхилоо.
 Яагаад ийм хүйтэн байгаа юм бэ? Яагаад таны минь нулимс ийм хүйтэн байгаа юм бэ ? Ээжээ.
Хүний нулимс бүлээн байдаг биздээ гэтэл яагаад таны нулимс ийм тэсгэм хүйтэн байгаа юм бэ ? бодол дотороо хариултаа үл олж ядан тэнүүчилэхэд хаа нэгтэйгээс танил бус нэгний хоолой  Чи үхсэн гэж хэллээ.
Тийм ээ би үхэж, үхэл миний хамгийн эртний хамгийн үнэнч найз минь намайг авч оджээ. Гэхдээ эиэ мөчид огтхон ч айхаа боличихлоо. Үхэл намайг авч одсон ч үлдэж хоцрогсод дунд минь бас орхичихож. Хамгийн хайртай бүхнээсээ хаашаа ч юм эргэж ирэхгүйгээр одохдоо бид хамгийн хэрцгийгээр саладаг бололтой. Дурсамжыг минь шинэхэн мэт үлдээгээд дурсах тоолондоо шаналаг гэсэн шиг, дуугүй зовлогоо нойрсуулаад оддог юм байна.
Харамсаж байна. үхсэндээ биш, үхэхийнхээ өмнө юу ч хийж чадаагүй дээ. Харамч нэгэн байж хариу нэхэлгүй өгдөг байсан хайрын тань оронд  хангалттай юу ч хийж чадаагүй дээ. Одоо ч гэсэн хүйтэн нулимсанд тань норон бээрсэн биетэйгээр чичирхийлэн зогсохдоо, хийж чадаагүй бүхнийхээ төлөө, хэлж чадаагүй бүхэндээ харамсаж байна. Хэзээ хэзээнээс илүү дулаахан байдаг таны минь сэтгэл хэнэггүй охиноо алдахдаа хөрөж орхиод, хүв хүйтэн нулимасыг илэрхийлэн болгон дуслуулж байгаа юм уу ? Ээжээ
Үхэлийн талаар зүүдэлсэн анхны  биш бас сүүлийн ч биш зүүд минь энэ байлаа. Сэрсэнээсээ хойш бодол болон хэвтэхдээ би зүүд байсанд нь талархаж бас бага зэрэг гуниглах шиг. Өдөр бүр дэмий балай замбараагүй зүйлсийн талаар бодохдоо зуршил адил үхэлийн талаар боддог юм. Гэхдээ энэ нь үхлийг хүсэн тэмүүлсэндээ бус амьдралд тэмүүлсэндээ төрсөн цагаасаа эхлээд найзалсан урвашгүй эртний анд минь надтай уулзахаар ирэхэд хэрхэн харамсахгүй байх вэ гэсэн бодол, магадгүй үүнийг бичин сууж байгаа би яг одоо ч үхэж болно. Гэхдээ одоо эсвэл маргааш үхэх байсан ч хамгийн гол нь харамсахгүй байх, төгснө гэдэг нь тодорхой болохоор төгсгөлөөс өмнө амьдралаа илүү ихээр хайрлаж, биднийг хайрладаг нэгнийг илүүтэй ихээр хайрлах нь хийж чадах хамгийн зөв зүйл байлтай. Харамсахгүйн тулд хайртайгаа хэлж, харамсахгүй нь тулд хүссэн бүхнээ бүтээ. Үхсэн хойноо ч чамайг хайрладаг нэгэнд амьд мэтээр дурсагдахын тулд зүгээр л хангалттай ихээр хайрла.

Өдөр бүр үхэх талаар боддог минь гагцхүү амьдралд илүү ихээр татагдсаных, амьдрал хэзээ ч хангалттай санагддаггүй болохоор амьдарч эхлэхээсээ өмнө үхэхгүйн тулд аз жаргалыг хором мөч бүхэнд бүтээцгээе. 

Add caption

Saturday, March 25, 2017

Мэдрэмжийн төгсгөл

  •        Нүдээ нээ.
  •      Чшшшш. Чимээгүй .

Ахиад худлаа хэлэх шаардлагагүй, ангайх тоолондоо урсгадаг Би зүгээр ээ  гэсэн худал үгсээ өнөөдөр гаргах хэрэггүй. Өдөр бүр бүх зүйлс хэвийн байгаа гэж илэрхийлэх нь үнэндээ бүхнийг бүр илүүтэй дордуулдаг болохоор би одоогын байдалд орсон гэлтэй.
Гэхдээ өнөөдөр гуниглаж болохгүй ээ. Энэ чинь сүүлийн өдөр энэ чамтай уулзах сүүлчийн өдөр. Би баяртай байна. Юу юунаас илүүтэй жаргалтай инэээмсэглэл нүүрнээс минь үл арилна.  Өрөөгөө цэмцийтэл нь цэвэрлээд, үргэлж өмсдөг байсан цайвар даашинзаа өмсөөд  хөнгөхөн энгэсэг, ягаахан уруулыг тодрууллаа. Өөдөөс минь инээх тольнд туссан охин үнэхээр үзэгсэлэнтэй.
  • -          Хөөрхөн байна. Чиний минь бэлэглэсэн уруул өнгөлөгч  би одоо ч түрхэж чадалгүй хадгалдаг юм. Зөвхөн онцгой мөчүүдэд л зориулдаг.

Эргэж алхаад хаалгаа хаах мөчидөө өрөөгөө нэг тойруулан харлаа.
Миний ор, миний ширээ, миний хувцаснууд, мниий ном, миний зурагнууд,  миний орон зай миний гэсэн бүхэн гэхдээ ганцхан би өөрөө л алга.
Гадаа гудамжинд гартал яг л тэр өдөр шиг нарлаг байна. Чиний намайг хүлээж байсан сандалны хажууд зогсоод тэр үеийн инээмсэглэлийг чинь дурсамжындаа тодруулан харах гэж хичээнэ. Гэнэн бас, хүүхдэрхүү үл ялиг эмээсэн ч нуух гэж оролдсон инээмсэглэл.
Бидний хамтдаа алхасан гудамж, тэр дэлгүүр, тэр хүмүүс тэр цаг агаар бүгд яг хэвэндээ гэхдээ чи алга. 
Үгүй ээ. 
Яагаад байхгүй гэж яг одоо энд байна шүү дээ.Урьданых шигээ гараас минь атгаад жижигхэн охин гээд өхөөрдөж байна шүүдээ. Урд минь тусах нарыг гараараа халхалж өгөөд анхны жинхэнэ болзооныхоо тухай хачирхалтай яриагаа ярьж байна. Яагаад байхгүй гэж чи минь дэргэд минь байна. Гэхдээ дурсамжинд минь.
Хамтдаа ордог кофе шоп. Үргэлж уудаг  огтхон ч өөрчлөгдөөгүй кофены амт. Хар кофег амтархан уухад зэмлэнгүй хардаг чиний харц  одоо ч дэргэд минь мэдрэгдэж байна. Хажуугаар өнгөрөх хүмүүсийг үл тоож зөөлөн уруулаа урууланд минь үлдээсэн үнсэлт чинь, сандрал минь, тэр үеийн амтагдаж байсан кофены амтанд үл дарагдах чиний амт, цээжнээсээ үсэрч гарах гээд байсан зүрх минь . 
Би одоо ч мэдэрч байна. Яг л тэр үе шиг. 
Хэдий ганцаараа алхалж ганцаараа сууж байгаа хэдий ч . Үгүй ээ яагаад ганцаараа гэж чи минь дэргэд байна ш дээ. Дурсамжинд минь  ийм тодоор үлдэж ганц ч хором алдалгүй санаж байхад яагаад ганцаараа гэж, үнсэлтийн чинь амтыг, үсийг чинь, үнэрийг чинь тодоор санаж байхад энэ бие эд эс хамгийн жижигхэн хэсэг бүрээрээ энэ мөчид би чамайгаа мэдэрч байна. 
Дурсамж минь бодит болоод биежиж өмнө минь гарч ирээд тэр л инээмсэглэлээрээ инээж байхад яагаад ганцаараа гэж. 
Бүх л зүйлс өөрчлөгдөж цаг хугацаа хором мөч бүхэн урсан өнгөрсөн ч мэдрэмж өөрчлөгддөггүй бололтой.  Чамайгаа бодох бүрт л бүтээж өгсөн мэдрэмж чинь ахин биеээр минь урсах шиг. Өөр юунаас үл мэдрэж чадах мэдрэмж. Чи намайг өөртөө донтуулчихсан. Яг л хар тамхи шиг, Секунт  хором бүр бие махбодиос минь ч илүүтэй зүрх сэтгэл минь чамайг хайсаар цөхрөнгөө баран бага багаар хоосорч байна. Дурсамж намайг амьд байлгах хэдий ч хоосролыг минь дүүргэж чадахгүй бололтой. Хүлээн зөвшөөрч чадахгүй бодит байдал араас минь сүүдэр шиг мөшгөж, чамайг энд байхгүй гэдгийг сануулна.
-          Тиймээ чи энд байхгүй.
 Чиний намайг атгах гар энд байхгүй, чиний инээмсэглэл ч энд байхгүй, чиний үнэр ч энд байхгүй, чиний намайг үнссэн уруул ч энд байхгүй. Чи энд байхгүй чиний гэсэн бүхэн энд алга. Ганцхан чиний бүтээж өгсөн дурсамж тэгээд чамаас болж бага багаар хоосорч бүхнээ алдсан би л энд байна.
-          Үгүй ээ.
 Би ч бас байхгүй. Би энд байхгүй. Би хэдий амьсгалж байгаа ч амьд биш, би хэдий инээж байгаа ч гуниглаж байна.  Үгүй ээ гуниглаагүй юм байна гуниг, ганцаардал ,өвдөлт, шаналал ч  ч бас ямар нэг зүйл шүү дээ. Харин надад аль нь ч алга. Хоосон хоосоноос өөр юу ч үгүй.
 Чамтай учрахдаа би өөрийгөө олж чамайг алдахдаа  өөрийгөө бас алдсан.
Зугтах аргагүй үнэн гэвэл энэ. Чи бас би үгүй. Биднийх байсан дурсамжууд бидний байсан бүхэнээ хоосон орон зайруугаа хамтад нь аваад орно.
Хамтдаа суудаг сандал дээрээ ахин нэг сууя.  Хайртай гэдэг үгийг энд л анх чамаасаа сонсож байсан . Харин одоо өөрөө хэлмээр байна
-          Би чамдаа хайртай.
Амнаас минь гарах сүүлийн үг энэ байг. Ахиад удаан тэсэж чадахгүй нь. Эхэлсэн газар нь дуусгая даа. Эндээс чамруугаа тэмүүлж байна. Нимгэн цагаан даашинзны хормой салхинд хийсэж улаан толбо үзүүрт нь харагдана.
Би чамдаа очиж байна. Жаахан охин байхдаа үхэх талаар бодох мөчид өөрийн эрхгүй айдаст автдаг байсан бол энэ бүхэн худлаа байж. Зовхи минь хүндэрч цус минь аажимдаа гадагшилж байгаа хэдий ч энэ огтхон ч өвдөхгүй байна. Аль хэдийн  чамайгаа алдахдаа үхлээс долоон дороор өвдөж  үзсэн болохоор  өвдөхгүй байна. Харин ч  сайхан гэлтэй. Чиний үлдээсэн хоосрол энэ мөчид л дүүрэх шиг, лугшилт бас тэр хэрээрээ амар амгалан, биднийх байсан дурсамжууд нүдний минь өмнө эргэлдэнэ.
 Хүн үхэх үедээ өөрийн өнгөрүүлсэн амьдралаа хардаг гэдэг. Би гэтэл зөвхөн чамайг л харж байна. Миний амьдрал зөвхөн чи байж. Аль хэдийнээ урсахаа болиод байсан нулимс минь энэ агшинд хацрыг минь даган урсана. Үхэл ингэж мэдрэгддэг юм байна. Бүхий л мэдрэмжийн цогц огтлолцол,  эсрэгцэл,  хайр харуусал, гуниг жаргал,   өвдөлт бас амар амгалан. Магадгүй энэ мөчийн төлөө л өдий хэртэй тэссэн юм байна. Хэрвээ би зовон байж амьдараагүй бол төгсгөлийн жаргалыг амталж чадахгүй шүү дээ. Энэ мөчид талархлаа. Үхэж байгаадаа талархаж байна.  Шаналсаны эцэст тавьж явуулах боломжыг олгосон үхэл чамдаа талархая. Одоо би эрх чөлөөтөй одоо би дүүрэн, одоо би ямар ч өвдөлгүй ,одоо би үхэж байна.

Бидний бүтээсэн дурсамж биднийх байсан бүхний төгсгөл.

Миний Петер

Жаахан охин байхдаа би хүүхэлдэйн кино гэхээр л ухаанаа алддаг байлаа. Гадаа тоглож байхад минь ээж хоолоо ид, гэртээ ор гэхэд огтоосоо үгэ...